Saturday, 2024-12-21, 4:56 AM
Welcome, Guest | RSS
Site menu
Сурталчилгаа

 

Санал асуулга
Rate my site

Архив
Үр дүн
Бүх санал: 8
Main » 2010 » September » 5 » “Монгол охид Монгол охидоо худалдсан байна” эмгэнэлтэй "
8:39 PM
“Монгол охид Монгол охидоо худалдсан байна” эмгэнэлтэй "

"Орчин цагийн боолчлолтой тэмцэх нь: үндэсний, бүс нутгийн болон олон улсын туршлага” сэдэвт олон улсын хурал өчигдөр ГХЯ дээр эхэллээ.  Эхний өдрийн  "Орчин цагийн боолчлол болох хүнийг худалдаалахын эсрэг тэмцэх нь-Монгол Улсын туршлага” гэсэн нэгдүгээр хуралдаанд "Хүний наймааны эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, хэтийн төлөв” гэсэн илтгэлийг НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Энхтуяа тавилаа.

Хүний эрхийн ноцтой зөрчил болох хүн худалдаалах асуудал улам бүр нарийн байдлаар зохион байгуулагдах болж дэлхий нийтийг түгшээсээр байна. Хүн худалдаалах асуудал нь нэг улсын хүрээнээс хальж, улс болон тив дэлхийг дамнан зохион байгуулагдах болжээ. Холбооны шинэ технологи, хурдтай тээврийн хэрэгсэл энэ гэмт хэргийг зохион байгуулагчдад шинэ шинэ боломжийг нээж, хохирогчдыг элсүүлэх, зуучлах, ашиг олох уламжлалт арга барилыг нь хялбар боловсронгуй болгосоор байна.

Монгол Улс НҮБ-ын Эмэгтэй­чүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт Хүүхдийг худалдах, садар самуун, бэлгийн сурталчилгаанд ашиглахаас хам­гаалах тухай Протокол, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох болон нэн даруй устгах тухай” 182 дугаар конвенц, "Ажилд авах насны доод хязгаарын тухай” 138 дугаар конвенцид тус тус нэгдэн орсноор хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр болох биеэ үнэлэх, садар самууны зорилгоор ашиглагдах явдалтай тэмцэх талаар чухал алхам хийсэн.

Түүнчлэн 2008 онд НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцид нэгдэн орсон бөгөөд "Хүүхэд, өсвөр насныхныг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах, түүнийг таслан зогсоох тухай Рио де Жанейрогийн Тунхаглал ба Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газар 2010 онд сайшаан дэмжиж цаашдын бодлого чиглэлдээ тусган ажиллахаар төлөвлөж байна…

Монгол Улсын Засгийн газраас 2005 онд Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн билээ…Хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих Үндэсний зөвлөлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын тушаалаар 2008 онд байгуулснаар хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн зорилгоор ашиглах талаарх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, хөрөнгө нөөцийн хуваарилалт, ашиглалтыг сайжруулах талаар ахиц гарч байна. Монголд хүн худалдаалах гэмт хэрэг зохион байгуулагчид телевизийн чатыг ашиглан хүн элсүүлж байж магадгүй талаар АНУ-ын Төрийн департаментаас гаргадаг "Хүний наймаа 2009” илтгэлд дурджээ. "Экпат Монгол сүлжээ” ТББ-аас хийсэн судалгаагаар зөвхөн хоёр телевизийн чатаар явсан мессежийн 90 гаруй хувийг садар самууны агуулгатай зар эзэлж байжээ.

Ийм чат явуулдаг телевиз Монголд 8 бий…”Монголыг сонирхон ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь улс орны эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа ч хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт өртүүлэх сөрөг үр дагаврыг авчирч байгаа” гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа. Иргэдийн амьдрал ядуу, ажилгүйдэл ихтэй байгаагаас иргэд гадаадад гарч ажиллах сонирхол их байна. Энэ хүслийн цаана хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, бэлгийн мөлжлөгт орж эрсдэх байдал байсаар байна.

Эцэг эхийн  халамж хайраас гадуур хараа хяналтгүй хүүхэд, нийгмийн шинэчлэлт өөрчлөлт, ядуурал, ажилгүйдэл, хувь хүний өөрөөс хамааралтай хүчин зүйлийн улмаас орон гэргүй, гудамж хонгилоор тэнүүчлэн амьдардаг иргэд бий болсон нь харамсалтай. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн асрамж халамжийн 42 байгууллагад 2009 оны эхний байдлаар 1200-гаад хүүхэд амьдарч байна. Нийслэлийн хэмжээнд 119 тэнэмэл амьдралтай хүүхэд байгаагаас НЦГ-ын бүртгэлд орсон байнга хэсүүчлэн тэнэж амьдардаг 51 хүүхэд байна. Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орны эдийн засгийн боломжоос шалтгаалан хангалттай хөрөнгийг зарцуулах боломж олдоогүй ч НҮБ-ын Хүүхдийн сан, "Азийн сан”, Олон улсын шилжин суурьшлын байгууллага, "Дэлхийн зөн”, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд 4 жилийн хугацаанд 4 сая ам.долларын дэмжлэг үзүүлснийг тэмдэглэхэд таатай байна.

"Шүүхээр шийдүүлж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тоо байнга өссөөр ирсэн хэдий ч энэ хэрэг бүгд шүүхэд очихгүй байгаа, бүртгэдэхгүй байгаа хэрэг зөндөө олон байгаа гэж бид таамагладаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд юуны өмнө энэ гэмт хэргийн суурь шалтгаануудыг арилгах ёстой. Энэ нь өнөөдөр ядуурал, ажилгүйдэл юм. Дээрээс нь хэдий ажил төрөлтэй ч хангалуун амьдрах боломж алга байна. Цалин хөлс бага, хөдөлмөрийн үнэлэмж тааруу байгаа нь сөргөөр нөлөөлж  хүмүүс амьдралаа сайжруулахын тулд гадаад улс орон руу ажиллахаар явж байна” гэж " Хүний хөгжил эрхийн төв” ТББ-ын тэргүүн Уранцоож ярив.

Манай улсад хамгийн анх 2000 онд ОХУ-ын иргэн М нь нэр бүхий 5 эмэгтэйг "Югослав улсад бүжигчнээр ажиллуулна” гэж хуурч мэхлэн хил давуулан худалдсан хэрэг бүртгэгдсэн байдаг юм байна. Тухайн үеийн Эрүүгийн хуулинд "Хүн худалдаалах” гэсэн тусгай зүйл, анги хуульчлагдаагүй байсан ба тус хуулийн 108 дугаар зүйлд заасан "Хүний биеийг нь үнэлүүлэх зорилгоор гадаадад гаргах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байж.

2002 онд батлагдан гарсан Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээр "Хүн худалдах, худалдан авах” гэмт хэрэгт хариуцлага тооцохоор хуульчилсан. Мөн 2008 оны 5 дугаар сард НҮБ-ын конвенцийн нэмэлт протокол болох "Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг” Палермогийн протоколд Монгол Улс нэгдэн орсноор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн гэж үзэж болох юм.  АНУ-ын Төрийн департаментаас гаргасан "Хүний наймааны тухай тайлан”-д Монгол Улсыг хоёрдугаар ангилалд багтах улс орнуудын тоонд оруулж, охид эмэгтэйчүүд нь БНХАУ, Макао, БНСУ-д бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдагдаж байгаа тухай дурдсан байгаа аж. 2002 онд Монгол Улсын Эрүүгийн хууль шинэчлэгдэн батлагдаж, 113 дугаар зүйлд "Хүн худалдаалах гэмт хэрэг” зүйлчлэгдсэн үеэс хойш улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг 108 бүртгэгджээ.

Хохирогчдыг хамгаалах, эх оронд нь буцаан ирүүлэх тал дээр "Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-тай хамтран ажилласны үр дүнд Олон улсын цагаачлалын байгууллагын туслалцаатайгаар 41 хохирогчийг эх оронд нь буцаан ирүүлсэн байна. Зөвхөн 2009 онд ГХЯ, цагдаагийн байгууллага, ТББ-ууд хамтран хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нийт 16 эмэгтэйг, үүнд Турк улсаас 3, БНХАУ-аас 12, Малайз улсаас 1 эмэгтэйг эх оронд нь эргүүлэн авчиржээ.

Манай зарим иргэд гадаадын чинээлэг хүнтэй гэрлэх, эсвэл гадаадад гарч ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх, гадаадад суралцахын тулд ямар нэгэн баталгаагүй этгээдэд хандах, ингэснээрээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч золиос болох нөхцөл бүрэн байна. Хэдхэн жилийн өмнө гэмт этгээдүүд өөрсдөө Монгол Улсад ирж охидыг олж шалгаруулалт хийн авч явдаг байсан бол өнөөдөр тэд өөрсдөө биш харин монгол охидыг өөрсдөөр нь зуучлуулан авчруулдаг болжээ. Үүнээс үзэхэд бид хариуцлага хүлээлгэх этгээдэд хүрч чадахгүй, жинхэн хариуцлага хүлээх субъект маань эрүүгийн хариуцлагын гадна үлдэж, санаатай болон санамсаргүй байдлаар "монгол охид монгол охидоо худалдсан” харамсалтай дүр зураг харагдах болжээ.

Харин хүүхдийг хуурамчаар үрчлүүлэх, асрамжийн газраар халхавчлан хараа хяналтгүй гудамжны гэгдэх хүүхдүүдийг хил давуулан худалдаалах, хүний эд эрхтнийг худалдаалсан, хүнийг донорын зорилгоор худалдаалсан тохиолдол одоогоор гараагүй байгаа бөгөөд энэ тал дээр цаашид анхаарлаа хандуулах шаардлага бидний өмнө тулгараад байна.

Энэхүү хуралд Австри, Герман, ОХУ, Казахстан, БНСУ, Хятад, Филиппин, Босни ба Герцоговина, Польш, АНУ, Турк, Беларусс, Канад, Болгар, Египет, Австрали, Тайланд, Швед, Монгол Улсын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд өнөөдөр "Хүний наймаа нь дэлхий нийтийн аюул болох нь” сэдвээр өөр өөрсдийн улс орныхоо туршлагаа хуваалцах болно.

Category: Монгол төрх | Views: 1067 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
avascript" src="http://haraduut.googlepages.com/krilleer_dist.js">
Name *:
Email:
Subscription:
Code *:
Xэрэгцээт програм
Цаг явсаар
Тоглоом татах
шилдэг WEB site
CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES Монголын шилдэг ТОП вэб сайтууд.